Ногоон байгууламжийн зөвлөхөөр Б.Одгэрэл та бүхэнд бүх төрлийн таримал цэцэг ургамлын талаарх зөвөлгөөг өгч байна.
Тасалгааны цэцгийн арчилгаа, тарих арга
Тасалгааны цэцэг бүр харилцан адилгүй арчилгаа шаарддаг. Ургалтын эрчимтэй үедээ бордох шаардлагатай цэцэг байхад тайван байдалдаа байх үедээ бордоо хэрэгтэй байдаг цэцэг ч байдаг. Тиймээс тарьж ургуулж буй цэцгийнхээ онцлогт тохирсон арчилгаа хийж байхыг зөвлөж байна.
Усалгаа
Тасалгааны агаарын дулаан хүйтнээс шалтгаалж цэцэг ургамал услах хугацаа харилцан адилгүй байдаг. Хөрсний ерөнхий байдлыг ажиглан хатсан байвал сайтар услана. Цэцгийг ургуулахад зөв усалгаа маш чухал. Услах арга нь цэцэг болгонд харилцан адилгүй байдаг. Ихэнх цэцгийг хөрсөн дээрээс нь бага багаар шингээж усалдаг бол баримгана, хайтан, нил гэх мэт үслэг навчтай цэцгийг услахдаа навчийг гэмтээхгүйн тулд доод сууриар нь усалдаг. Үслэг навчтай цэцэгсээс бусад бүх цэцгийг агаарын чийг өгөх зорилгоор 7 хоногт 3-4 удаа навчруу нь шүршиж услаж байх хэрэгтэй. Навчийг нь байнга шүршиж уславал навч нь тод гялалзсан ногоон өнгөтэй болохоос гадна хүчилтөрөгч сайн ялгаруулж чаддаг.
Цэцгийн бордоо, тэжээл
Ямарч цэцэг хязгаарлагдмал хөрсөнд ургадаг учраас хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор бордох шаардлагатай. Хэмжээнээс хэтэрсэн тэжээл цэцэг ургамалд хортой нөлөө үзүүлдэг гэдгийг анхаараарай. Өндөг болон гадил жимсний нунтагласан хальс дэвтээсэн ус тасалгааны ургамалд сайн тэжээл болдог. Өвөл ихэнх цэцэг тайван байдалд ордог учир хавраас намар хүртэлх ургалтын эрчимтэй үед бордох нь тохиромжтой байдаг бол өвөл зунгүй цэцэглэдэг цэцгийгөвөл ч бордож болдог байна.
Гэрэл
Цэцэг ургамал харилцан адилгүй гэрэл шаардагддаг. Гэрэл тусч байгаа үедээ цэцэг ургамал хамгийн ихээр хүчилтөрөгч ялгаруулж, агаарыг цэвэршүүлдэг.
Агаар
Ургамалд хэрэгтэй хүчин зүйлийн нэг бол яах аргагүй агаар. Агаарын солилцоо сайтай газар ургамал зөв эрүүл ургаж чаддаг. Тасалгааны агаар хэт бөгчим байвал хаалга, цонхоо нээж агаар солилцоог явуулана. Хүйтэн өвлийн улиралд хүйтэн агаарт стресстэх учир цонхны хүйтэн агаараас болгоомжлох хэрэгтэй.
Дулаан
Цэцэг ургамал +18-+30 хэмд хэвийн ургаж, ургалтын эрчим сайжирдаг. Тасалгааны хэм хүйтрэвэл ургалт удааширдаг. +5 хэмээс дээш дулаантай үед ургамал амьд байна. Үүнээс хүйтрэвэл стрестэж үхэх аюултай.
Өвчин хортонтой тэмцэх
Цэцэг ургамлын арчилгаа дутагдах, хөрсний шим тэжээл муудах, бусад хүчин зүйлээс шалтгаалж цэцэг ургамал өвчин хортонд нирвэгддэг. Нэгэнт өвдсөн ургамлыг ургамал хамгаалах бодис болон гар доорхи бодисоор ариутгаж цэвэрлэх хэрэгтэй.